Мэдээ мэдээлэлШуурхай мэдээ

Олон Улсын Хуралд Тавтай Морил!

Монголын сэтгүүлчид шударга бус үйлдэл, нийгмийн тэгш бус байдлыг илчлэх, олон нийтийн эрх ашгийг хамгаалах хүсэл сонирхлоор дүүрэн байдаг. Гэвч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон жилийн түүхтэй улс орнуудтай харьцуулахад манай орны туршлага яах ч аргагүй сул байгаа юм.

Иймд, Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхийн тулд Хэвлэлийн хүрээлэн Дойчи Велле Академи болон “Монгол” телевизтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Investigative Journalism Dialogue” олон улсын хурлыг 2017 оны есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах юм.

Монголд анх удаагаа болох уг үйл ажиллагааны үеэр гадаад, дотоодын эрэн сурвалжлах сэтгүүлчид туршлага солилцож, олон улсын зөвлөх багш нар академик сургалт явуулна. Хуралд оролцогчид мөн хөгжиж буй орнуудын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтдаа эрэлхийлэх билээ.

INSEAD нийгмийн инновацийн төв, GIJN буюу Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ, Дойчи Велле Академи, Японы “Waseda Chronicle” зэрэг байгууллагын төлөөлөл ирэх уг хуралд оролцож, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг Монголд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна уу хэмээн Таныг урьж байна.

Олон улсын хурлын үеэр Монголын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв, түүний цахим хуудасны нээлтийг хийхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

Хэвлэлийн хүрээлэн нь Монгол Улсад бие даасан, хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, харилцаа холбоог сайжруулах чиглэлээр ажилладаг. 2015 оноос GIJN буюу Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээнд нэгдэж, багш нарын бүрэлдэхүүнээ Норвегийн Лиллехаммер хотод болсон Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хуралд оролцуулсан. Түүнээс хойш Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын чиг хандлагыг судалж, дотоодын сэтгүүлч, мэргэжилтнүүдэд танилцуулах ажлыг идэвхтэй өрнүүлж буй.

Тухайлбал, 2016 онд Хэвлэлийн хүрээлэнгийн багш нарын баг Непалын Катманду хотод болсон Азийн эрэн сурвалжах сэтгүүл зүйн хуралд оролцож ирснийхээ дараа “Монгол” телевизтэй хамтран Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Уг уулзалтад оролцсон 70 гаруй сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, мэргэжилтэн Монгол Улсад Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн билээ. Төв байгуулах Ажлын хэсэг бий болж, одоогоор албан ёсны цахим хуудсаа нээхэд бэлэн болоод байна.

Хэвлэлийн хүрээлэнгээс мөн Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлд анхаарч буй. Энэ хүрээнд 2015 оноос эхлэн Дойчи Велле Академийн дэмжлэгтэйгээр сэтгүүлчдийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшүүлж, олон улсын сертификат олгох гурван долоо хоногийн сургалтын хөтөлбөр гаргахаар ажилласан. Хэвлэлийн хүрээлэнгийн багш нар олон улсын зөвлөх багш нар буюу профессор Михайэл  Халлер, Марк Ли Хантер, Маркус Линдеманнтай хамтран боловсруулсан уг сургалтын хөтөлбөрийг 2017 оны наймдугаар сарын 21-нээс эхлэн хэрэгжүүлж байна.

Хурлын гол зорилго:

  • Хөгжиж буй орнуудад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх боломж, бэрхшээлийн талаар хэлэлцэх
  • Бусад улсын туршлагаас суралцах
  • Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан бие даасан, хараат бус төвийн тогтвортой байдлын талаар санал солилцох. Дэлхийн бусад орны ижил төстэй байгууллагуудын туршлагаас судлах, хамтран ажиллах
  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг сэтгүүлч, судлаачдын харилцаа холбоог сайжруулах, хамтран ажиллах орон зай бий болгох
  • Сэтгүүлчид эрэн сурвалжлах бүтээлээ хэрхэн “борлуулах”, хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээс хэрхэн ашиг, орлого олох арга замын талаар хэлэлцэх болно.

 

 

Хурлын бүртгэлийн хураамж:

  • Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан – 30000 төгрөг
  • Бусад оролцогч – 100000 төгрөг

Та хураамжийг Хэвлэлийн хүрээлэн НҮТББ-ын Худалдаа хөгжлийн банкны 499005556 дансаар шилжүүлэх буюу бэлнээр тушааснаар бүртгэл баталгаажна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Close